Хиймэл илбээс  
Флай фишингийн хиймэл илбээс нь ямар загасанд зориулагдсан бэ гэдгээс хамааран өнгө, хэмжээ, жингээрээ ялгаатай олон төрөл байх ба амьтдын болон хиймэл үс, өд зэргийг ашиглан тухайн орчинд амьдардаг бичил организмууд, шавьжуудыг дуурайлган хийгдсэн байдаг. Мэргэжлийн загасчид өөрсдийн хүссэнээр илбээсийг хийж сурсан байдаг. Дараах хэсэгт зэвэг загас барихад илбээсийг хэрхэн ашиглах талаар жишээ болгон дэлгэрэнгүй тайлбарлая.

  Зэвэг загас нь хоол хүнснийхээ 90 хувийг усан дотор, 10 хувийг усны мандлаас олж идээшилдэг. Энэ онцлогт нь тохируулан усны мандалд хөвөх /хуурай илбээс/, усны гүнд орох /нойтон илбээс/ хоёр төрлийн илбээс бэлддэг.

Зэвэг барих хуурай илбээс /dry fly/


 Хуурай илбээсийг хөнгөн дэгээ, амьтны үс, ноос, өд болон нийлэг эд тэдгээрийг хооронд нь бэхлэх өнгө өнгийн утас мөн гялалзаж гялбасан саа, цавуу зэргийг ашиглан хийдэг. Зөвхөн илбээс хийхэд өдийг ашиглах  зорилгоор тусгай селекцийн аргаар бий болгосон гургуул шувуу ч бий.хамгийн гол нь эдгээр материалууд ус тусгаарлах чанартай байх шаардлагатай. Тухайлбал, халиун бугын үсний ширхэгийг хөндлөн зүсэж харвал голдоо хөндий, агаартай байдаг ба энэ нь усны мандалд сайн хөвдөг.

Хуурай илбээс усны мандал дээр хэрхэн хөвж, загас үмхэж, угзарч байгаа нь харагддаг учир загасчдад илүү сэтгэл ханамж, таашаалыг өгдөг. Мөн эхлэн суралцагчид хуурай илбээсийг түлхүү сонирхож хэрэглэдэг нь дээр дурьдсанчлан шидэхэд амар сэтгэл ханамжтай байдагтай холбоотой. Өт шавж, нялцгай биетийн дуураймал ашиглаж загасчлах нь зарим талаар илүү үр дүнтэй ч хуурай өгөөшийг үсэргэхэд тун сонирхолтой, урамтай байдаг.

Зэвэг барих бичил биет, шавьжин илбээс /wet & nymphing/

  Усанд хоол тэжээлээ эрэх зэвэг загасны бэлчдэг гүнд илбээсийг живүүлж загасчлах арга бий. Үүнийг нойтон буюу живдэг гэж нэрлэдэг. Ялангуяа агаарт ялаа шавьж байхгүй үед энэ арга илүү үр дүнтэй. Учир нь ийм үед загас усны мандалд гарч ирнэ гэж үгүй. Nymph гэдэг нь усан доторх олон төрөл зүйлс шавьж хорхойны авгалдай юм. Тухайн аль нэг төрлийн авгалдайг дуурайлган хийсэн илбээс нь хийгдсэн материалын онцлогоосоо хамаараад харьцангуй цул, хүнд жинтэй байх тул усны мандал дээр хөвөлгүй доогш живдэг. 




Leave a Reply.