Picture
Хүйтэн, нойтон, харанхуй,салхитай шуургатай байгалийн есөн шид, найман янзын аашийг үл тоон гол усыг туулан уурга юугаан шидэж, ур чадвараа гарган загас дэгээдэж, сэтгэлээ баясган таашаал хүртэх нь жинхэнэ хорхойтнуудын нэн тэргүүний зорилго байдаг. Дэлхий нийтэд маш хурдацтай тархан, улам боловсронгуй болон хөгжсөөр буй флай фишинг спорт манайд дэлгэрээд төдийлөн их хугацааг өнгөрөөгөөгүй байгаа билээ.Юуны түрүүн нэр томъёоноос эхэлье. Манай оронд хэрэгжиж байгаа тул загастай холбоотой төсөл хөтөлбөрүүд, спорт загасчлалын аялал зохион байгуулдаг аяллын компаниуд, загас сонирхдог хувь хүмүүс, судлаачдын хувьд  Fly fishing  гэх энэ англи үгийг “үсэргэх загасчлал” , “савлуур загасчлал”, “хөвөгч өгөөштэй загасчлал”, “буцааж тавьдаг савлуур загасчлал” гэх мэт маш олон янзаар Монгол хэлрүү хөрвүүлэн хэрэглэж байна. Түүнчлэн зарим хүмүүсийн санал, олон улсад хэрэглэгдэж тогтсон Fly fishing гэх нэрлэлийг нь криллрүү шууд хөрвүүлэн ашиглах нь аливаа төөрөгдлөөс сэргийлэх юм гэж үзсэн.  Олон улсад “флай фишинг” гэж нэрлэгдсэн загасчлал нь хиймэл/дуураймал/ хөнгөн өгөөшөөр тусгай уурга, утас ашиглан загасчлах мэргэжлийн загасчдын дунд ихээхэн хурдацтай тархаж байгаа нэгэн хэлбэр юм. “Флай” буюу нисэх гэсэн үгтэй холбоотойгоор хөнгөн өгөөшөөр /илбээсээр/ “үсэргэж загасчлах” гэж монгол хэлнээ хөрвүүлэн нэршүүлж байгаа нь энэ хэлбэрийн загасчлалын гол онцлог болох өгөөшийг хүссэн зайдаа зориулалтын уурга болон утсыг ашиглан эв дүй дадал шаардсан хөдөлгөөнөөр нисгэн загасыг үмхүүлж барихтай холбоотойгоор бий болсон нэр томъёо юм.

  Гадуураа пластик материалаар бүрсэн тод өнгийн тусгай утсыг маш уян чанартай уурганд бэхлэн олон давтамжтай савах хөдөлгөөн бүхий үйлдлээр хөнгөн өгөөшөө нисгэж зорьсон зайндаа буулган загасаа барих нь ийм загасчлалын хэлбэрийн үндсэн техник юм. Утас нь тодорхой жинтэй тул, сатурк утастай харьцуулахад хүнд, мушгирч орооцолдоггүй бөгөөд агаарт олон дахин урагш хойш савагдах бүрийд шидсэн бугуйл мэт хуйлран шунгинаж, хөврөн сунасаар зорьсон зайндаа усандаа хүрч тусдаг байна. Флай фишинг нь цэнгэг , давстай нуур, голын усанд зохицсон өөрийн гэсэн онцлогтой техникүүдтэй.

  Энэ хэлбэрийн загасчлалаар хулд /trout/, яргай /salmon/, загасыг барих нь хамгийн сонирхолтой байдаг боловч өнөө үед цурхай, хайруус, булуу цагаан загасуудыг, мөн тэнгисийн олон төрлийн загасуудыг ч энэ аргаар барих нь түгээмэл болжээ.

   Монгол орны хувьд гадаадын загасчин-жуулчдын дийлэнх нь энэ хэлбэрээр “Цэнгэг усны хаан” гэгдэх “тул”/taimen/ загас болон бусад түгээмэл хайруус, зэвэг зэрэг загасуудыг барьж аяллын туршлагаа нэмдэг. Зэвэг, хайруусыг барихад дэвхрэг, царцаа болон бусад шавьжийн дуураймал илбээс өргөн ашиглагддаг бол тул загас барихад хиймэл хулганан илбээс хэрэглэгддэг. Түүнчлэн зурхай, осман /сугас Алтайн сугас , шар сугас/ зэрэг загасуудыг ч энэхүү аргаар барьж болдог.  “Флай фишинг” загасчдын үндсэн онцлог буюу хамгийн чухал зүйл нь загасыг “Барих ба эргүүлэн тавих” “Catch&Release” зарчим бөгөөд энэ нь сэртэнгүй нэг салаа дэгээ ашиглахаас эхлээд загасаа гэмтээлгүй усанд нь буцаан тавих гэх мэт техник ур чадваруудыг шаарддаг. Ингэж сурсан, хууль журмаа нягт мөрдөн, байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэдэг загасчид л байгалийн өгөөмөр хишгийг зүй зохистойгоор хүртэж чадна гэж үздэг.

Дэгээ шидэх

Флай фишингийн дэгээ шидэх техник бусад төрлийн загасчлалаас /уламжлалт загасчлал-spinning & bait/ ялгаатай бөгөөд илүү чадвар шаарддаг. Уламжлалт загасчлалд халбага, дэгээ, хүндрүүлэгч бүхий уургаа нэг савахад л дэгээ бэхлэгдсэн сатуркан утас дамарнаасаа хөвөгдөж сунан усанд чиглэсэн зайд хүрдэг. Харин флай загасчлалын дэгээ хэт хөнгөн байдгаас шалтгаалан хангалттай хол зайд нисгэхийн тулд хөндлөн огтлол диаметрээрээ ялгаатай, уг , дунд болон үзүүр хэсгээрээ нарийн бүдүүвтэр, хүндрүүлсэн гэх мэт ялгаатай хэмжээтэй утсуудыг хэрэглэдэг. Ганц савалтаар илбээс, дэгээг хүссэн газартаа хүргэх боломжгүй учраас олон дахин савах шаардлагатай ба савалтын явцад конус хэлбэрийн тусгай утас нь /гол хэсгээрээ бүдүүн, үзүүр нь нарийн/ тойрог маягаар нумран агаарт сунан хөвөгдсөөр усанд хүрдэг. Шидэлтийн техник нь орчин, нөхцөл, загасны төрлөөс хамаараад ялаатай байдаг.хамгийн нийтлэг нь форвард кэстинг / forward casting/ буюу урагш шидэх техник юм. Энэ шидэлт нь загасчин дэгээг мөрөөрөө давуулан хойш саваад утас нь уурганы үзүүртэй нэг түвшинд хүрч тэгшрэхэд уургаа буцаан урагш нь савна. Уургаа гарын шууны үргэлжлэл хэсэг мэт сэтгэн савах бөгөөд бугуй, тохойг хөдөлгахгүй түгжих хэрэгтэй болдог. Гарын савалтын эрчээр уурганы утсыг нумруулан хөвж утасны үзүүр дэх дэгээ, илбээс савагдан байндаа хүрнэ. Товчоор хэлэхэд “гарын савалтын эрч-уурга-утас-флай” гэсэн зарчим үйлчилнэ. Шидэлтийн үндсэн зорилго нь загас байх магадлалтай усны урсгалын хэсэгт дэгээг хүргэхэд чиглэнэ. Дэгээг усанд буулгахдаа илбээсийг аль болох амьд мэт харагдуулахад чиглэсэн техникийг барина. Жишээ нь : хиймэл хулганыг чанга дуу чимээтэй унагаж тоглуулдаг бол ялааг нисэж байгаад унаж буй мэт зөөлхөн буулгадаг. Хэрвээ загас илбээсийг үмхээгүй бол энэхүү шидэх үйлдлээ дахин давтана. Энэ арга нь амжилтгүй үргэлжилсээр байвал илбээс эсвэл тактикаа солих хэрэгтэй болно. Харин загас өгөшийг үмхвэл уургаа угзрангаа нөгөө гараар утсаа давхар ороож татах хэрэгтэй.

  Дэгээнд загас орсон үед нэг гараараа утсаа зайлшгүй барьж байх шаардлагатай ба дамрандаа утсаа хурааж ойртуулах хэрэгтэй. Хэт хүчтэй угзарч татвал утас тасарч загасаа алдах эрсдэлтэй, хэт сул байлгаснаар загас дэгээнээс алдуурах магадлалтай. Энэ бүгд нь загасчны ур чадварыг сорьж байгаа хэсгүүд юм.

  Загас дэгээнд орж булгих үед дамрын эргэлтийг удаашруулж утсаа таслахгүйгээр зугуухан хөвөх, хурдыг нь сааруулах, зууруулах/загасыг ядраадаг/ нэмэлт төхөөрөмжүүд уурганд байдаг /манайхан “чаг чаг” гэж нэрлэх нь бий /. Загас нэгэнт ядарчихсан бол түүнийг барьж болно. Флай фишинг улам боловсронгуй болсоор байгаа ба дэгээ шидэх, загас барих ба тавих, шидэлтийн техник энэ бүгдийг агуулсан спорт болтлоо хөгжжээ. Тиймээс загасчин үргэлж шинийг эрэлхийлж , шинэ ур чадварыг эзэмшиж байх нь илүү туршлагажих боломжийг олгодог. Загасны үйлдлийг урьдчилан таамаглах , зөн совингоо хөгжүүлэх , загас байх магадлалтай үед илбээсийг жинхэнэ мэт харагдуулж үмхүүлэх чадварыг сурч эзэмших нь чухал байдаг. Флай фишинг нь оюуны болоод биеийн спорт, урлаг, шинжлэх ухаан бөгөөд эндээс хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгд таашал авч болдогоороо онцлог. Нөгөө талаар нэгэнт флай фишингийн амтыг мэдэрсэн бол энэ нь тухайн хүний насан туршийн хобби болох нь ч бий.

Спей кэстинг

Флай фишингийн шидэлтийн нэг төрөл болох “спэй род” буюу хоёр гараар шиддэг урт , хүнд уурга ашигладаг энэ аргыг том гол нуурууд яргай, хулд, тэнгисийн хулд зэрэг загасыг барихад хэрэглэдэг. Учир нь том голд том загас барихын тулд загасчин том уургаар том өгөөшийг хол зайд шидэх шаардлагатай байдаг. Спей кэстинг техник нь 2 гараараа их хүч гаргаж шидэх ба өөртөө төвөг удахгүйн тулд шидэхээсээ өмнө утсаа хөвж сул тавьж бэлдэнэ. Дээрх аргыг манай нөхцөлд тул барихад ашиглаж болно .

 

Флай загасчлалын хэрэгсэл

Флай загасчлал нь маш олон төрлийн хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ашигладаг. Эдгээр нь загасчлах техник , загасны ялгаа , орчин зэргээс хамааралтайгаар хэрэглэгдэнэ.

-Уурга “fly rods”

Загас байх магадлалатай усны хэсэгт хиймэл өгөөшийг хүргэх зорилгоор янз бүрийн жин, уртын хэмжээ бүхий уян бөгөөд бат бөх материалаар хийгдсэн уургыг ашиглана. Дэгээнд орсон загастай тэмцэлдэх түүнийг татаж гаргахад уурга чухал үүрэгтэй.

-Дамар “Fly reels”

Утас хураагч дамар.Том,хүнд,хүчтэй хурдан загасны хөдөлгөөнийг сааруулж зуурах тусгай механизмтай байдаг. / braking mechanism ( drag )

-Утас “ Fly line”



Үндсэн 2 төрлийн утас ашигладгаас эхнийх нь дээр дурьдсанчлан хуванцар бүрээстэй харьцангуй хүнд, бүдүүн утас,Илбээсийг янз бүрийн орчин нөхцөлд,цэнгэг,давстай усанд загасны байгаа хэсэгт хүргэхэд чухал үүрэгтэй.

Дараагийнх нь сатурк гэдэг монофиламент өнгөгүй утас.нэг уурганд ихэвчлэн 2 өөр диаметртэй хоёр хэсгийг зангидан ашиглана.Бүдүүвтэр нь /tippet/ бүрээстэй утастай /fly line/, нарийн нь /leader/ дэгээтэйгээ уягдана.Энэ хоёр утас нийлээд дээд тал нь хоёр метр хүрч болно.

Флай фишингийн уяа зангилаанууд

Дэгээг сатурканд уях- Clinch knot                                Сатуркуудыг холбох – Blood knot

                         

Ойролцоо диаметр бүхий сатуркуудыг холбох.харахад энгийн ч нямбай зангидаж сайн шалгах хэрэгтэй.

Сатуркуудыг холбох- Double surgeon knot



Ойролцоо эсвэл их ялгаатай диаметр бүхий сатуркуудыг холбоход хэрэглэнэ.Их  ялгаатай диаметр бүхий утаснуудыг  холбоход тохиромжтой амар тасарч тайлагдахгүй учир өргөн ашиглана.Мөн зангидахад энгийн боловч жаахан болхи арга.Нарийн утсыг үүгээр зангидчихвал уурганы сүвээр гүйх үедээ тээглээд байдаг учир ихэнхи загасчид бүдүүн утас ашиглан том загасанд шидэх үедээ л уг зангилааг сонгодог.Өөрөөр хэлбэл чанга найдвартай боловч болхи хэрэглэхэд жаахан төвөгтэй.

Бүрээстэй утсыг сатурканд холбох- The perfection loop

Эхлээд утас бүрийн нэг үзүүрт гогцоо зангидна. /зураг/

Сатурк солих шаардлагатай үед маш хурдан солих боломжтой боловч шидэхэд орооцолдоод байж болох сул талтай.Гогцоо зангидсаны дараа хоёр гогцоогоор холбоно. /loop to  loop connection/

Энэ мэтчилэн маш олон төрлийн уях зангидах арга хэлбэрүүд байдаг.

Хиймэл өгөөш хийх “fly tying”

Флай фишинг загасчдын өөрийн гараар хийх дуртай ур ухаан чадвар шаардсан зүйл бол ашиглах хиймэл өгөөшөө хийх юм. Хиймэл өгөөшийг тухайн барих загасны идэш тэжээлийн онцлог байдал байгал цаг агаарын нөхцөл зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан янз бүрийн хэлбэр дүрс, материал хэлбэр дүрс загвартайгаар хийдэг






Leave a Reply.